Ормуузын хоолой нь Персийн булан болон Оманы буланг холбодог, хамгийн нарийн хэсэгтээ ердөө 33 км өргөн далайн гарц юм. Дэлхийн нийт газрын тосны хэрэглээний 20-25% нь зөвхөн энэ хоолойгоор дамжин өнгөрдөг. Дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын "лугшилт" болсон хамгийн чухал цэгүүдийн нэг Ормуузын хоолой 2026 оны 2-р сарын 28-наас эхлэн АНУ болон Израиль улс, Ираны цэргийн байгууламжууд, удирдлагуудын эсрэг "Epic Fury" нэртэй цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбоотойгоор хаагдсан билээ. 2026 оны 3-р сарын 2-нд Ираны Хувьсгалт гварди (IRGC) тус хоолойг албан ёсоор "хаалттай" гэж зарлаж, БНХАУ, ОХУ, Пакистаны хөлгөөс бусад дайран өнгөрөх гэсэн ямар ч хөлөг онгоцыг устгахаа өнөөдрийн байдлаар мэдэгдээд байна. Дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 25% дамждаг энэхүү "нарийн судас" боогдох бүрд далайгаас алслагдсан Монгол Улсын эдийн засагт "гинжин урвал" үүсгэж, айл бүрийн өдөр тутмын хэрэглээнд бодит нөлөө үзүүлнэ.
Уул уурхай ба Экспортын гацаа
Манай нүүрсний экспортын 90 гаруй хувийг худалдан авагч БНХАУ эрчим хүчний импортын хамааралтай тул Ормуузын хямрал тус улсын аж үйлдвэрлэлийг сааруулж байгаа. Үүнээс үүдэн Хятадын гангийн үйлдвэрүүд хүчин чадлаа танаж, Монголын коксжих нүүрсний экспорт саатах эрсдэл үүсэв. Мөн дизель түлшний үнэ өсөх нь уурхайнуудын өөрийн өртгийг нэмэгдүүлж, улсын төсөвт төвлөрөх татварын орлогыг бууруулах төлөвтэй байна.
Тээвэр ложистикийн "Түгжрэл"
Далайн тээврийн даатгал болон чингэлэг тээврийн үнэ 25-40%-иар өссөн нь Тяньжин боомтоор дамждаг манай импортын барааны (сэлбэг хэрэгсэл, хүнс, өргөн хэрэглээ) үнийг хөөсрүүлж, нийлүүлэлтийн хугацааг 30 хүртэл хоногоор удаашруулна
Шатахууны үнэ ба шок
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ “Дэлхий нийтээр нефтийн нийлүүлэлтийн шок үүссэн. Ингэснээр шатахууны хямрал багадаа 4 сар үргэлжилж, манай улсын эдийн засагт хүндрэл үүсэх төлөвтэй байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ” гэсэн юм. Эл байдлаас хамааран дизель түлш болон АИ95 шатахууны үнэ өсөх нь.
Гарц ба Шийдэл: Бид хаашаа явах вэ?
Энэхүү хямрал нь Монгол Улсад хоёр дараах сургамжийг өгч байна.
1. Эрчим хүчний тусгаар тогтнол: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах нь бидний сонголт биш, харин үндэсний аюулгүй байдлын асуудал болчихлоо. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор манай улс гадаад шокоос хамгаалах 60%-ийн "хуягтай" болох юм.
2. Ачаа тээврийн коридор: Зөвхөн нэг боомт, нэг замаас хамааралтай байдлаа халж, дунд, урт хугацаандаа Орос-Хятад-Европыг холбосон транзит тээврийн гарцыг эрэлхийлэх шаардлагатай болно.
Бид энэхүү хямралын давхар цохилтноос гарахын тулд үр ашиггүй төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх жолоогоо татаж, санхүүгийн сахилга баттай байж даван туулах учиртай. Бид энэ сорилтийг эдийн засгийн шок бус харин гарц гаргалгааг олсон боломж болгох эсэх нь бидний сонголтоос хамаарна. Сорилт бол боломжыг бий болгогч хамгийн агуу хүчин зүйлсүүдийн нэг. Монгол улс дахин нэг сорилтийн өмнө ирчихээд байна. Ормуузын хоолой дахь "түгшүүр" Улаанбаатар дахь "талхны үнэ"-д нөлөөлдөг энэ цаг үед бид зөвхөн дотоодын асуудалдаа хэт төвлөрөх бус, дэлхийн геополитикийн чиг хандлагад сонор соргог хандаж, эдийн засгийн "дархлаагаа" дэмжих цаг болжээ.
Б.Есүжин
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



