ХБНГУ-ын Зуль хотод буудлага спортын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын мэргэн буучид гурван медальтай эх орондоо ирлээ.
70 орны 800 гаруй тамирчин оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнх-Эрдэнэ нарын удирдлагад есөн мэргэн бууч дэлхийн шилдгүүдтэй онч сорив. Тэднээс 50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын мастер А.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн энэ дасгалд А.Ариунзаяа, А.Эгшиглэн, П.Нарансолонго нар багийн дүнгээр алтан медалиар энгэрээ мялаажээ. Тэгвэл 25 метрийн стандарт гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд П.Нарансолонго, А.Эгшиглэн, Э.Халиун нар багийн нийлбэрээр хүрэл медалийн тавцанд зогссон байна.
Энэ удаагийн тэмцээнд 23 орны мэргэн буучид ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бөгөөд Энэтхэгийн мэргэн буучид долоон алт, найман мөнгө, есөн хүрэл медальтайгаар багийн дүнгээр медалийн хүснэгтийг тэргүүлсэн бол ОХУ, Итали удааллаа.


Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



