Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ойролцоох төмөр замд энэ сарын 3-ны шөнө хүрэн баавгай ачааны галт тэргэнд дайруулсан тохиолдол гарчээ. Тус бүс нутагт сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай үзэгдэх болсон тул байгаль хамгааллын байгууллагууд хяналт, ажиглалтаа эрчимжүүлээд байна.
Төмөр замын осол гарсан хэсэг нь Шарын гол сумын төвөөс арав гаруй километрийн зайд бөгөөд малчдын зуслан, намаржаа бүхий нутаг юм. Баавгайн сэг зэмийг аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд Экологийн цагдаагийн алба хаагчидтай хамтран холбогдох шинжилгээнд шилжүүлжээ.
Сүүлийн өдрүүдэд Шарын гол сумын Булагт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян, Наран зэрэг ой мод ихтэй газраас уурхайн орчимд хүрэн баавгай үзэгдэх болсон талаар иргэд мэдээлэх болжээ. Мөн суурьшлын бүсэд баавгай ойртож, харагдсан тохиолдол гарсан байна.
Шарын гол сумын Засаг даргын мэдээлснээр ийм тохиолдолд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, чанга дуу чимээ гарган баавгайг суурьшлын бүсээс холдуулахад анхаарч байгаа аж.
Аймгийн Байгаль орчны газраас хүрэн баавгайн тархац, шилжилт хөдөлгөөнд тогтмол ажиглалт, мониторинг хийж байгаа бөгөөд одоогоор 18 хүрэн баавгай бүртгэгджээ.
Намрын ургац хураалт, хадлан, малын тэжээл бэлтгэл эхэлсэн энэ үед иргэд ой, уулын бүсэд олноор зорчих болсонтой холбоотойгоор хүрэн баавгайтай таарах эрсдэл нэмэгдэж байна. Иймд байгаль хамгаалагчид баавгайн тархац бүхий нутагт хяналт, ажиглалт хийж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллагаас иргэдийг хадлан, тэжээл бэлтгэх, мал хариулах үедээ сонор сэрэмжтэй байж, ой, уулын бүсэд болгоомжтой зорчихыг анхаарууллаа. Түүнчлэн жимс, мөөг элбэгтэй газарт айл, өрхүүд буудаллахгүй байх, ойд мод бэлтгэхдээ болгоомжтой байх, хүнс болон идэш тэжээлийн үлдэгдлийг ил задгай хаяхгүй байхыг зөвлөжээ.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



