Төв аймгийн Эрдэнэ сумын инженерийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд халаалт, бохир усны шугам сүлжээний барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн захиалагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, захиалагчийн техникийн хяналтыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, зураг төслийн зохиогчоор “Гидро дизайн инноваци” ХХК, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Алтайн үндэс констракшн” ХХК ажиллаж байна.
Төслийн хүрээнд дулааны болон бохир усны шугам сүлжээ, 87 дулааны худаг барихаар төлөвлөжээ. Одоогоор 1200 метр шугам хоолойг дулаалгын хамт угсарч, 450 метр шугамын угсралт, булалтын ажлыг хийжээ. Мөн 24 дулааны худгийн барилга угсралт болон доторх огтолгооны ажлыг гүйцэтгэсэн байна.
Шинээр барьж буй дулааны шугам сүлжээг 2 МВт буюу 2000 кВт-ын хүчин чадалтай КВр-2,0 загварын ус халаах зууханд холбох юм. Тус зуух нь сумын төвийн 15-20 мянган ам.метр талбайг халаах хүчин чадалтай аж.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Эрдэнэ сумын айл өрх, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн дулаан хангамж, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд холбох боломж бүрдэнэ. Мөн айл өрхийг орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх суурь нөхцөл бий болох юм.
Улсын хэмжээнд сумдын хөгжлийг дэмжих, инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах зорилгоор 18 аймгийн 35 суманд нийт 46 төсөл хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



