uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 13

Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

ByambadorjByambadorj


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор өөрчилж байгаа барилгын засвар, шинэчлэлийн явцыг өнөөдөр шалгалаа.

НЗДТГ-ын мэдээлснээр, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрладаг "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг 2008 оноос хойш менежментийн гэрээгээр ажиллуулж, өнгөрөгч онд нийслэлийн Өмч хувьчлах комисс менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгон нийслэлийн өмчид буцаан авчээ. Энэ эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгохоор шинэчлэн засварлаж байна.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн 135 ортой, томууны оргил дэгдэлтийн үед орны тоог 400 хүртэл нэмж, яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг хүлээн авдаг. Гэсэн хэдий ч ор хүрэлцэхгүйгээс зарим хүүхдийг коридорт хэвтүүлэх нөхцөл үүсдэг. Энэ ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг хүүхдийн тусламж, үйлчилгээнд ашиглана. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, "Засварын ажлыг эрчимжүүлж, 11 дүгээр сарын 1-нд эмнэлгийг ашиглалтад оруулахыг албаныханд үүрэг болголоо. Хүлээн авах хэсгийн өргөтгөл, цахилгаан шатыг нэмэлтээр гүйцэтгэхээр болж, зураг төслийн баталгаажуулалт, гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэнэ" гэв.

Эмнэлэг ашиглалтад орсноор хүн амын тоогоор тэргүүлэгч Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлэх боломж бүрдэх юм. Мөн Баянгол дүүргийн захын хороод буюу 5, 7, 30 дугаар хорооны хүүхдэд үйлчилнэ. Өмнө нь Элэг судлалын төв байхад нь эмнэлгийн хяналтад байсан эмчлүүлэгчдийн тусламж, үйлчилгээг хэвээр хадгалж, төвлөрлийг саармагжуулахаар тооцжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ