uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 8-р сар 22

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Элиста хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ByambadorjByambadorj


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элиста хотын дарга Сорокин Максим Александрович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон хөгжил, хот байгуулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр туршлага солилцох, цаашид хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Нийслэлийн  ИТХ-ын дарга Д.Ихбаяр Улаанбаатар хот байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж байгаа зарим ажлыг танилцуулав. Тухайлбал, 2024 онд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож, онцгой хамгаалалтын бүсийг 22,921.8 га, энгийн хамгаалалтын бүсийг 37,439.4 га болгон нэмэгдүүлсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд 2026 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар 13 байршилд 749,500 мод тариад байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын 2026-2035 онд хэрэгжүүлэх уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хотын хөгжлийн бодлогыг уур амьсгалын бодлоготой уялдуулах чиглэлээр ажиллаж буйг онцлов. Цаашид доройтсон ойг нөхөн сэргээх, экологийн коридор байгуулах, байгалийн нөхөн сэргэлтийг дэмжихэд анхаарч байгаа гэв.

Мөн нийслэлийн өмнө тулгамдаж буй хог хаягдлын менежмент, түүнээс үүсэх орчны бохирдлыг бууруулах асуудлыг хөндөж, төвлөрсөн хогийн цэгүүдийг үе шаттайгаар хааж, нөхөн сэргээх, метан хий зайлуулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Уулзалтын үеэр Элиста хотын төлөөлөгчид хоёр хотын харилцаа 2018 оноос эхэлсэн бөгөөд цаашид харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, шинэ түвшинд гаргах нь чухал болохыг тэмдэглэлээ.

Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Б.Ану-Үжин, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр, НИТХ-ын Ажлын албаны Хууль, эрх зүй, хуралдааны хэлтсийн дарга Г.Батжаргал, НИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалт, хамтын ажиллагааны тасгийн дарга Я.Болортуул нар байлцав.

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Элиста хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа - uzi.mn