Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний аянд үндэсний бөхчүүд нэгджээ.
Энэхүү хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Алтан намар-Мод тарих улирал” аяныг эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Хүй долоон худагт барих Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болон ногоон байгууламжийн талбайд мод тарих үйл ажиллагааны эхлэлийг өчигдөр тавьсан байна. Мод тарих өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн нээж, НЗДТГ-ын нэгж салбарууд, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагууд, бөхчүүдийн төлөөлөл оролцов.
Бөхчүүдээс Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, Хүй долоон худгийн дэвжээнд даншиг наадамд дөрвөн удаа түрүүлсэн улсын арслан Р.Пүрэвдагва, харцага О.Мөнх-Эрдэнэ, өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, начин Бо.Батжаргал, Э.Сумъяабат, Ж.Ням-Эрдэнэ, Ш.Шинэбаяр, Х.Наранбаяр, Ж.Жавхлан тэргүүтэй “Алдар”, “Хилчин” спорт хорооны улс, аймгийн цолтой бөхчүүдийн төлөөлөл оролцсон байна.
Монголын үндэсний бөхийн холбоо болон бөхчүүдийн төлөөлөл мод тарих аянд хамрагдсанаар ирэх жил ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ орууллаа. Тус холбооноос цаашид бөхчүүдээ уриалан мод тарих аянд идэвхтэй оролцохоо илэрхийлжээ.




Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



