uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 3-р сар 17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бидний өвөг дээдэс гүү ихэрлэвэл гүрэн даяар зарла, хүү төрвөл хотол даяар зарла хэмээн эр хүнийг дээдэлж ирсэн билээ

ByambadorjByambadorj


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол эр хүн” үндэсний III чуулганыг зохион байгуулж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

Улс эх орныхоо түшиг тулгуур, айл гэрийн ноён нуруу эрчүүд ээ!

Та бүхэнд Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны  яруу алдарт, түүхт 105 ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монголчууд бид эртнээс эрчүүдээ эр зориг, эрдэм зориг, тэсвэр хатуужил, алсын хараа, уужуу бодол, андгай тангарагийн бэлгэ тэмдэг болгож өрхийн тэргүүн, гэрийн эзэн хэмээн хүндэтгэж ирсэн ард түмэн юм.

Хүннү гүрнээс эхлэн дэлхийн талыг төвшөтгөн төр улсаа байгуулж, даян дэлхийд монголын их амар амгаланг тогтоон, туурга тусгаар улсаа цоглоон мандуулж, монгол хүн, монгол үндэстнийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээхэд монгол эр хүний хатан зориг, эрэмгий чанар, үнэнч шударга, ёс жудагтай чанар чухал үүрэг гүйцэтгэсийг бид мэднэ…

Монголчууд бидний өвөг дээдэс “Гүү ихэрлэвэл гүрэн даяар зарла, Хүү төрвөл хотол даяар зарла” хэмээн эр хүнийг төр улсын бат бэх тулгуур хэмээн хүндлэн дээдэлж ирсэн билээ.

Монголчууд бид эрэгтэй хүүхдээ эр зориг, эрдэм мэдлэг, холч ухаан, тэсвэр хатуужил, ёс жудаг, андгай тангарагтаа үнэнч байхыг сурган хүмүүжүүлж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон хүмүүсийг монгол эрчүүд хэмээн өргөмжлөн дээдэлж ирсэн юм.

Эх орны хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд эрэгтэйчүүдийн манлайлал нэн чухал байдаг. Эрчүүд бид эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө илүү үүрэг хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх ёстой.

Үүний тулд монгол эр хүн эрүүл биетэй, саруул ухаантай, уужим сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, өв соёл, үнэт зүйлээ дээдлэн хадгалдаг, ажилч хичээнгүй, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхдаг байх ёстой юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ