uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 3-р сар 26

Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зургийг боловсруулж эхэллээ

ByambadorjByambadorj


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, The Nature Conservancy, Монголын байгалийн өв сангаас хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг стратегийн баримт бичгийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Энэ нь Монгол Улсын байгаль хамгааллын чиглэлээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, үндэсний урт болон дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд ТХГН-ийн тогтолцоог бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлын эхлэл ажээ.

Замын зургийн баримт бичгийг Олон улсын байгаль хамгаалах холбооТусгай хамгаалалттай газар нутгийн дэлхийн комиссын гишүүн Equilibrium Research Center судалгааны байгууллага Монголын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж байна. Судалгааны ажлын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн суурь нөхцөл байдлыг үнэлэх, ангиллыг IUCN-ийн ангилалтай харьцуулан судлах, хамтын засаглал, хамтын менежментийн тохиромжтой загварыг тодорхойлох, дунд хугацааны хөгжлийн замын зургийг боловсруулах зэрэг ажил хийж эхлэв.

БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг хэлэхдээ, “Энэхүү замын зураг нь зөвхөн баримт бичиг бус, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоог илүү үр ашигтай, тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй болгох стратегийн чухал алхам юм. Мөн энэ санаачилга нь ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд бий болох боломж, шинэчлэлийг бодит хэрэгжилттэй уялдуулах эхний алхам байх учиртай. Цаашлаад уг үйл явц нь нэг удаагийн уулзалт, эсвэл баримт бичгээр хязгаарлагдахгүй, харин салбарын оролцогч талуудын тогтмол хамтын ажиллагаа, харилцан санал солилцоог дэмжих тогтвортой платформын суурь болох юм” гэв.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Байгаль орчны төслийн удирдаг Бастиан Флүри, “Манай байгууллага Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл дээр 2020 оноос хойш хамтран ажиллаж байна. Одоо ярьж байгаа хуулийн төслийн хамгийн чухал асуудал нь тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа өөрсдөө орлого олох боломжийг бүрдүүлэхийг хичээж байгаа юм. Тусгай хамгаалалттай газар нутаг орлого олдог болсноор буцаад байгаль хамгааллын ажилд зарцуулах байнгын санхүүжилттэй болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн төсөл, замын зураг бодлогын баримт бичиг нь хоорондоо салшгүй холбоотой. Яагаад гэвэл хуулиар дээр ярьсан шинэчлэлүүдийг бий болгоход газар дээрээ хэрхэн хэрэгжих механизм нь замыг зураг бодлогын баримт бичиг байх юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэх ажил эхлэхээс өмнө бид бодлогын баримт бичгийг эхлүүлж байгаа нь сайн хэрэг” гэж онцлов.

Монголын байгалийн өв сангийн Удирдах зөвлөлийн дэд дарга, The Nature Conservancy байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах, “2024 оны дөрөвдүгээр сарын Засгийн газар,  Байгалийн өв сан, The Nature Conservancy гэсэн гурван байгууллага 15 жилийн хугацаатай “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг баталсан. Гол зорилго нь тусгай хамгаалалттай газар нутаг ямар түвшинд хүрэх байх ёстой, амьтан ургамлыг нь яаж хамгаалах вэ, аюул заналхийлэл хэрхэн бууруулах, байгалийн нөөц баялгийг хэрхэн зөв зохистой ашиглаж эдийн засагт хувь нэмрээ оруулах вэ гэх мэт олон асуудлыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Тиймээс өнөөдөр тусгай хамгаалалттай газар нутгийн замыг боловсруулж байна. Үүнийг боловсруулснаар цаашид юу хийх вэ, ямар үр дүнд хүрсэн байхыг төлөвлөх юм. Замын зургийг зургаадугаар сар гэхэд боловсруулж дуусгах болов уу. Хамгийн гол нь маш тодорхой бичиг баримт гаргах хэрэгтэй. Сайн боловсруулж чадвал цаашид юу хийх, хаашаа явах вэ гэдэг нь тодорхой болно” хэмээн ярилаа.

Цаашид уг замын зургийн баримт бичгийг оролцогч талуудын идэвхтэй, хамтын оролцоонд тулгуурлан боловсронгуй болгож, холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусган үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллах ажээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ