УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас улирал тутам англи хэлээр эрхлэн гаргадаг “Mongolia Today” сэтгүүлийн 2026 оны 01 дугаарт ярилцлага өгсөн юм. Энэхүү ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.
-Та бага наснаасаа дипломатч болохыг мөрөөддөг байсан гэж ярьдаг. Гэхдээ амьдралын зам таныг төрийн албанаас гарган хувийн хэвшилд авчирсан. Та тэндээс дахин төрд буцан орсон. Өнгөрснөө эргэн дурсахад хувийн хэвшилд ажилласан тэр жилүүд танд дипломатч, сайд болоход яаж тус болсон гэж боддог вэ?
-Хүүхэд насны мөрөөдөл тэр болгон хүслээр биелдэггүй, мөрөөдөлд хүргэдэг шулуун дардан зам байдаггүй. Хүн ямар нэгэн зорилгод хүрэх гэж нугачаатай, бартаатай, эргэлт тойрогтой, энхэл донхол урт замыг туулсны эцэст багын мөрөөдөл нь заримдаа замхардаг, заримдаа хүсэл зориг болж хувирдаг. Нэгэнт хүсэл зориг болж хувирсан мөрөөдөл замаасаа хэзээ ч хазайдаггүй, төөрдөггүй, уртын замд харин ч илүү гүн утга агуулгатай болдог юм байна. Миний хувьд бизнесийн салбарт ажилласан туршлага төрийн алба хаахад маш том сургууль болдог.
Бизнесийн орчин бодит амьдралын шалгууртай, амжилт нь зөвхөн сайн сайхан санаа сэдлээр биш, хэрэгжилтээр, зөвхөн өндөр дээд, эрхэм зорилгоор биш, үр дүнгээр хэмжигддэг. Хэлэлцээ хийх, итгэлцэл байгуулах, хариуцлага үүрэх, богино хугацааны сорилтыг урт хугацааны зорилготой нийцүүлэх зэрэг чадвар тэнд төлөвшдөг. Дипломат албанд энэ чадварууд хэрэгтэй төдийгүй зайлшгүй шаардлагатай.
Хувийн хэвшилд ажилласан туршлага надад төрийн бодлого шийдвэр ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг ойлгуулсан. Гадаад бодлого, олон улсын харилцаа эцсийн эцэст эгэл жирийн малчин хүний амьдралтай яагаад шууд холбоотой болохыг ойлгоход тусалсан. Гадаад харилцаа зөвхөн олон улсын тавцан дахь манай байр суурь биш, монгол хүний ирээдүйн боломж, Монгол Улсын хөгжлийн орон зай, эдийн засгийн бие даасан байдлын салшгүй хэсэг гэж бодохоор гадаад бодлогын зорилтууд улам тодорхой болдог.
Тийм болохоор бизнесийн туршлага надад гадаад харилцаа маш прагматик байх ёстойг зааж сургасан гэж боддог. Гадаад харилцааны сайд болоод би “Монголын зүг” гэдэг ганцхан уриатай болсон, түүнийгээ бүх нөхцөлд хэрэглэдэг. Манай дипломат ажиллагааг (diplomacy) ганцхан үгээр илэрхийл гэвэл би энэ үгийг хэлнэ.
-Та Н.Туяа, С.Оюун асан нарын дараа Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажилласан гурав дахь эмэгтэй. Одоогоор хамгийн удаан хугацаанд энэ албыг хашиж буй эмэгтэй сайд болоод байна. Энэ албыг урт удаан хаших нь таны хувьд ямар бэлгэдэлтэй вэ? Таны хийсэн ажиллыг залуу монгол эмэгтэйчүүд хараад юу ойлгоосой гэж найдаж байна?
-Монгол Улсын хувьд эмэгтэй хүн сайд байх, удирдах албан тушаал удаан хугацаагаар хаших зэрэг нь нэг их гайхаж хачирхмаар зүйл биш. Миний өмнө гадаад харилцааны сайдын алба хашсан эмэгтэй сайд нарыг та нэрлэлээ, тэдний туулсан зам, тогтоосон жишиг өнөөдрийн бидний энэ өргөн боломжийг нээсэн гэж боддог. Монгол эмэгтэйчүүд үеийн үед төрийнхөө төлөө зүтгэж хөдөлмөр зүтгэл, хүч оюунаа зориулсаар ирсэн.
Сайдын албыг урт удаан хашиж байгаагийн шалтгаан гэвэл өнөөгийн ертөнцөд энэ салбарт тогтвортой байдал, итгэлцэл чухал гэдгийг төр, засгийн удирдлага олж харсан явдал байх. Гадаад бодлогын урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэх, дээр нь үүрэг хариуцлага, үр дүнг тооцож хэмжихэд тогтвортой байдал маш чухал. Дипломат албаны үйл ажиллагаа чигч тууштай байдал, залгамж чанар, урт хугацааны итгэлцэл дээр тогтдог. Тэгэхээр цаг хугацаа албан тушаалын гэхээсээ илүү үүрэг хариуцлагын хэмжүүр болно.
Монгол төрийн өндөр албан тушаал, олон улсын улс төр, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо бол монгол эмэгтэйчүүдийн хувьд хаалттай орон зай биш. Бидний дараагийн үе, охид бүсгүйчүүд энэ бүхнийг онцгой ховор тохиолдол бус, жам ёсны боломж гэдгийг олж хардаг байгаасай гэж би хүсдэг. Элдэв санаа зорилгоо би ганц хоёр үгээр томъёолдог, бэлгэдэл дүрсээр илэрхийлдэг хоббитой болчихоод байгаа. Монголын эмэгтэйчүүд, ялангуяа охид бүсгүйчүүддээ хүсдэг зүйлээ би “хатан ухаан” гэж ерөнхийд нь нэрлэчихээд байгаа. Монгол бичгээр хатун гэж бичдэг эмэгтэй хүний, эсвэл хатагтайн ухаан биш, амьдралын сорилтод унасан ч босож чаддаг, аливаа юмны учрыг тунгааж эв дүйг нь олдог, алдаанаасаа сурч боловсорч өөрчлөгдөж сайжирдаг уян хатан ухааныг илэрхийлэх гэсэн санаа. Англи хэлээр “resilience” гэдэг үгийг монголоор шулуухан “хатан ухаан” гэчихмээр санагддаг юм.

-Таны удирдлагын дор Монгол Улс НҮБ-ын 193 гишүүн улс бүхэнтэй дипломат харилцаа тогтоосон. Та ийм өргөн цар хүрээтэй дипломат сүлжээг, ялангуяа хоёр хөрш улсуудаас гадна "гуравдагч хөрш" улсуудтай харилцаагаа хэрхэн идэвхтэй авч явдаг вэ?
-НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаатай байна гэдэг Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын хамгийн том илэрхийлэл. Гэхдээ дипломат харилцаа тогтоох нь эцсийн зорилго биш, өргөн агуулгатай хамтын ажиллагааны зөвхөн эхлэл гэдгийг санах хэрэгтэй.
Харилцааны энэ өргөн сүлжээг авч явахдаа бид 1) улс төрийн яриа хэлэлцээг тогтвортой үргэлжлүүлэх, 2) харилцаагаа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаар баяжуулах, 3) НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын үнэт зүйлс, нийтлэг зорилгуудын огтлолцлыг бий болгох гэсэн 3 үндсэн зарчмыг баримталдаг.
Нэгэнт зарчмаа тогтоосон нөхцөлд бид харилцаагаа газарзүйн байршлаар биш, боломжийн ойр байдлаар хэмжиж болно. Өөрөөр хэлбэл, аль салбарт хамтран ажиллах стратегийн үндэслэл байна, аль чиглэлд харилцан нөхөх чадавхи байна, хаана итгэлцэл байгуулах ирээдүй байна гэдгийг тооцох хэрэгтэй. Орчин цагийн дипломатын мөн чанар нь зөвхөн ойрын хөрштэйгээ төдийгүй, алс холын түнштэй ч үр ашигтай харилцах боломжийг үргэлж нээлттэй байлгадаг онцлогтой.
Монгол Улсын гадаад бодлого 3 хэмжээстэй, үүнийг координатын хавтгай дээр дүрсэлж төсөөлөхөд хялбар ойлгогдоно. Хэвтээ 2 тэнхлэг нь манай 2 хөршийн харилцаа. Эндээс эгц дээш тэнгэр рүү харвасан босоо тэнхлэг нь манай гуравдагч хөршийн харилцаа. Энэ босоо тэнхлэгт харгалзах хүчин зүйлс хэвтээ 2 тэнхлэгийнхээ өгөгдлүүдийн нийлбэртэй тэнцүү байх ёстой. Өөрөөр хэлбэл манай гадаад бодлогын амин сүнс нь харилцааны тэнцвэртэй байдал. Хоёр хөрш, гуравдагч хөршүүдтэйгээ бид тэнцвэртэй харилцах ёстой. Хоёр хөрштэйгээ бас харилцаагаа хооронд нь тэнцвэртэй байлгах ёстой. Энэ бол манай үндэсний аюулгүй байдлын баталгаа. Үүнийг би манай гадаад бодлогын тасралтгүй үргэлжлэх ёс (continuum) юм байна гэж хааяа боддог.
-Та өнөөгийн дэлхий даяар дайн, хүнд хэцүү хурцадмал байдал үүссэн үед Монгол Улсын "тэнцвэртэй" гадаад бодлогыг яаж хэрэгжүүлж байна вэ?
-Өнөөдөр дэлхий ертөнц дайн дажинтай байна. Энэ нөхцөлд манай гадаад бодлогын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт, тэнцвэртэй, нээлттэй суурь зарчим улам гүнзгий утга агуулгатай болж, өнөөдрийг хүртэл явуулж ирсэн манай гадаад бодлого үнэн зөв байж гэдгийг нотлон харуулсан олон үйл явдал өрнөж байна.
Манай хоёр хөрш түүх, газарзүй, эдийн засаг, дэд бүтэц, худалдаа гээд олон талаараа нягт холбогдсон, салшгүй хувь заяатай стратегийн түншүүд. Орос, Хятадын харилцаа бол сонголтын гэхээсээ илүү бодит байдлыг ухаалгаар зохицуулсан төрийн бодлогын үндсэн чиглэл. Дээр нь Монгол Улс гуравдагч хөршүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлж, олон талт дипломат ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын эрх зүй, хамтын ажиллагаанд суурилсан оролцоогоо тогтмол нэмэгдүүлдэг.
Миний хувьд хоёр хөрш, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхдээ ганцхан үндсэн зарчмыг тууштай баримталдаг. Монгол Улс талцал хуваагдлын аль нэг талд орж хэн нэгний эсрэг байр суурь тодорхойлдог улс биш, харин тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийнхөө ирээдүйн төлөө ухаалаг, тэнцвэртэй, төвийг сахисан байр сууриа хадгалдаг улс. Төвийг сахина гэдэг нь үлбэгэр сул, аялдан дагалдсан байр суурь биш, идэвхтэй төвийг сахих гэж ойлголт байдаг. Манай гадаад харилцааны сүүлийн 5-6 жилийн чиг хандлагыг ерөнхийд нь ингэж томъёолж болно.
Геополитикийн хүнд хэцүү нөхцөлд олон тулгуурт, тэнцвэртэй бодлого тууштай баримтлах амаргүй, гэхдээ элдэв сорилтууд богино хугацаандаа хүнд байж болох ч зөв бодлого баримталбал дунд хугацаандаа аятайхан боломжууд гарч болно.
Хамгийн том сорилт бол геополитикийн гэхээсээ илүү манай эдийн засаг, ложистик, эрчим хүчний эмзэг бүтэц юм. Монголын экспортын маш өндөр хувь ганцхан зах зээлд чиглэсэн, нефтийн бүтээгдэхүүний 95 хувь ганцхан улсаас хамааралтай. Ийм бүтэцтэй үед тэнцвэртэй, олон тулгуурт бодлого зөвхөн дипломат ур чадвараас хамаарахгүй, нийлүүлэлтийн бодит нөхцлөөр хэмжигдэнэ.
Өнөөгийн нөхцөлд гадаад улс төрийн айлчлал, олон улсын байгууллага дахь санал хураалт, дэд бүтэц, стратегийн ашигт малтмалын санхүүжилт бүгд геополитикийн утга агуулгатай дохио болж тайлбарлагдах гээд байдаг эрсдэл байна. Өөрөөр хэлбэл тэнцвэртэй байдал урьдынхаас хамаагүй өндөр өртөгтэй болж байна. Тэгэхээр аль нэг талд орохгүйгээр төвийг сахих нь хангалттай биш, аль нэг талд буруу ойлгогдохгүйгээр үндэсний ашиг сонирхлоо хамгаалах явдал чухал болж таарна.
Боломжийн хувьд гэвэл урт хугацаандаа эдийн засгаа төрөлжүүлж, эрчим хүчний хамаарлаа багасгах таатай нөхцөл үүсч болно. Хоёр хөршийн харилцааны давуу тал дээрээ гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, технологийг татах боломжууд байна.
-Та Монголын ирээдүйд стратегийн хувьд хамгийн чухал ач холбогдолтой ямар шинэ түншлэл бий болсон гэж үздэг вэ? Үүнд Хойд Европын улсууд эсвэл Зүүн өмнөд Азийн улсуудтай харилцаа сайжруулсан орох уу? Яагаад?
-Хойд Европын орнуудтай харилцаагаа бэхжүүлэх нь сайн засаглал, тогтвортой хөгжил, ногоон шилжилт, инновац, боловсрол, нийгмийн тэгш оролцоо зэрэг чиглэлээр хамтарч ажиллах өргөн боломж нээнэ. Эдгээр улс инститүцийн чанар, хөгжлийн урт хугацааны бодлогоороо дэлхийд үлгэр жишээ болдог, Монголын ирээдүйн хөгжилд хэрэгтэй сайн туршлагаасаа хуваалцахад тэд үргэлж бэлэн байдаг.
Зүүн Өмнөд Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх нь эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн интеграцийн хувьд чухал ач холбогдолтой. Монгол Улс экспорт, ложистик, зах зээлийн хүрээгээ тэлэхийн тулд энэ бүс нутагт болж байгаа үйл явцад илүү идэвхтэй оролцох ёстой.
Стратегийн ач холбогдолтой түншлэл зөвхөн өнөөдрийн ашиг сонирхолоор биш, ирээдүйн хөгжил, технологийн шинэчлэл, хүний нөөцийн боломж, үндэсний аюулгүй байдлын уян хатан чанарт хэрхэн нөлөөлөх вэ гэдгээр хэмжигдэнэ.
Энгийнээр өгүүлбэл Монголын ирээдүйд стратегийн хамгийн чухал ач холбогдолтой түншлэл бол бидний бие даасан сонголтын оронзайг тэлсэн байх ёстой. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг практик утгаараа бэхжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Практик утгаараа гэдэг нь түншийн харилцаа болгон эдийн засгийн төрөлжилт, эрчим хүчний бие даасан байдал, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, зах зээлийн өргөн боломж зэрэг манай стратегийн ямар нэгэн зорилтыг хэрэгжүүлэх чадавхитай байх ёстой гэж боддог.

-Дэлхийн эмэгтэйчүүдийн форум дээр эмэгтэйчүүдийн боловсролд анхаарах ёстой гэж та онцолсон, тэгээд эмэгтэйчүүдэд тулгардаг олон төрлийн бэрхшээл нь тэдний боловсролын түвшинтэй нягт холбоотой гэсэн. Орчин үеийн Монголыг бүтээн байгуулах өнцгөөс авч үзэхэд эмэгтэйчүүдийн боловсрол ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Одоо ямар даваа бэрхшээл эмэгтэйчүүдэд тулгарсан хэвээр байна вэ?
-Эмэгтэйчүүдийн боловсрол манай нөхцөлд нийгмийн нэг бүлгийн эрх ашиг гэхээсээ илүү улс орны хөгжлийн чанар, өрсөлдөх чадвар, ирээдүйн тогтвортой байдалтай холбоотой байдаг онцлогтой. Монголын орчин үеийн хөгжилд эмэгтэйчүүдийн боловсрол маш их нөлөө үзүүлж байна. Боловсролтой эмэгтэй хүн гэр бүлээ төдийгүй нийгмийн үнэт зүйл, ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх үйл явцад шууд оролцдог. Тиймээс эмэгтэйчүүдийн боловсролын өгөөж нь нэг бүлгийн хүрээнээс давж, бүхэл бүтэн нийгмийн хөгжлийн чанарт нөлөөлдөг.
Монгол Улсад эмэгтэйчүүд боловсролын хүртээмж, нийгмийн оролцооны түвшингээр олон салбарт өндөр байр суурь эзэлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн тоон үзүүлэлтүүд. Боловсролын чанар, орон нутаг дахь боломж, дижитал шилжилт, хөдөлмөрийн зах зээлтэй нийцсэн мэргэжлийн бэлтгэл, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо зэрэг маш тодорхой сэдвүүд ярихаар нилээд ан цав байгаа нь илэрхий харагддаг.
Тэгэхээр охид эмэгтэйчүүдийг зөвхөн боловсролтой болгоод зогсохгүй, мэдлэг боловсролыг нь эдийн засгийн бие даасан хүчин зүйл болгох, манай эмэгтэйчүүд ялангуяа цахим мэдээллийн технологи ашиглаж олон нийтийн үйл хэрэгт оролцоогоо нэмэгдүүлэх явдал чухал гэж боддог.
-Та Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, нүүдлийн соёл болон өөр Монголын өв соёл дэлхийн энх тайвныг авчирсан тухай ярьж байсан. Олон улсын тавцанд Монгол Улс тэр өвийг яаж ашиглаж бусад улсуудад жишиг харуулж байна уу?
-Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг надад ихээхэн хүч чадал өгдөг оюун санаа, ёс суртахууны эх сурвалж.
Нүүдлийн соёл иргэншилд эмэгтэй хүн ур ухаан, зохион байгуулалт, үүрэг хариуцлага, хүчний тэнцвэрийн бэлгэ тэмдэг байсан. Энэ бол бидний түүхэн сэтгэлгээнд нэвт шингэсэн үнэт зүйл.
Би түүхэн уламжлалтай энэ үнэт зүйлийг орчин үеийн дипломат ёсонд хөрвүүлж үг хэл, үйлдлээрээ илэрхийлэхийг хичээдэг. Олон улсын тавцан дээр илэрхийлдэг манай байр суурь өнөөдрийн бидний бодлого, үйл ажиллагаа олон зуун жилийн төрт ёсны уламжлалтай гэдгийг илэрхий харуулдаг байвал жин нөлөө, агуулга нь нэмэгдэнэ гэж боддог.
Төрт ёсны ийм их өв соёл, өргөн уламжлалтай улс орон дэлхийд цөөхөн. Энэ өв уламжлал надад өөртөө итгэлтэй байх, өөрийн байр сууриа тууштай илэрхийлэх хүч чадал өгдөг. Олон улсын тавцанд, ялангуяа итгэлцэл, хамтын ажиллагаа, энх тайвны үйлсийг ярилцах үед түүхэн уламжлалаа ярихаар үнэхээр их хүч нэмдэг. Яагаад гэвэл монгол эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг үүрэг саяхан шинээр бий болсон үзэгдэл биш, харин үндэстний өв уламжлалын тасралтгүй үргэлжлэл гэдгийг тайлбарлахаар бидний байр суурь улам гүнзгий агуулгатай, улам бат бэх суурьтай болдог.
-Таны санаачилгаар 2023 онд Монгол Улс анхны Эмэгтэй гадаад харилцааны сайд нарын уулзалтыг зохион байгуулсан. Ийм уулзалт хийх нь яагаад чухал байсан бэ? Уулзалтыг зохион байгуулахад ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарсан уу?
-Энэ уулзалт миний хувьд бэлгэдлийн төдийгүй, бодлогын агуулгатай санаачилга байсан. Дэлхийн улс төрд сорилтууд улам нарийсаж, илүү олон төвшинд зэрэг өрнөдөг болсон энэ цаг үед гадаад хэргийн эмэгтэй сайд нарын дуу хоолой олон улсын харилцаанд илүү тод сонсогдох ёстой гэж үзсэн. Эмэгтэй сайд нарын хийдэг ажил, хэлдэг байр суурь зөвхөн дипломат албанд хамаатай тусдаа сэдэв биш, энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх хүчин зүйл гэж үзсэн.
Монгол Улс энэ уулзалтыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулснаар дэлхий дахинд өрнөдөг яриа хэлэлцээнд шинэ өнгө, шинэ талбар, шинэ оронзай нээсэн гэж боддог. Энэ уулзалтад оролцсон эмэгтэй сайд нар одоо хүртэл уулзахаараа энэ талаар дурсаж ярьдаг.
Энэ уулзалтыг ил тод эсэргүүцсэн явдал гараагүй, эхэндээ харин тодорхой эргэлзээ бол байсан. Зарим хүмүүс түр зуурын анхаарал татсан үйл явдал болоод өнгөрнө гэж бодсон байх. Гэвч уулзалт маш тодорхой агуулгатай болоод эмэгтэй сайд нарыг нягтруулаад, нэгдсэн групп үүсгээд ирэхээр яриа хэлэлцээний маш үр дүнтэй индэр болж болох юм байна гэсэн санаа төрүүлсэн. Монгол Улсын хувьд олон улсын тавцан дээр санаачлагч байж чадна гэдгийг нотолсон.

-Нэмээд асуухад, энэ уулзалтын гол зорилго нь олон улсын дипломат харилцаанд тулгарч буй асуудлуудыг ярилцаж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэх зорилгоор зохион байгуулсан. Монгол Улс ийм хэмжээний асуудлыг хэлэлцэх зөв газар байсан уу?
-Монгол Улс энэ уулзалтыг зохион байгуулах нь цаг үеийн хувьд ч, агуулгын хувьд ч тохиромжтой нөхцөл бүрдчихсэн байсан. Манай улс газарзүйн байршил, гадаад бодлогын үнэт зүйлсийнхээ хувьд харилцан яриа, ойлголцол, итгэлцлийн гүүр байж дэлхийн болон бүс нутгийнхаа энхтайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Бид талцал хуваагдлын зураасны цаанаас биш, яриа хэлэлцээний талбарт байр сууриа тодорхойлохыг эрмэлздэг.
Нөгөө талаас Монгол Улс эмэгтэйчүүдийн манлайлал, энхийг сахиулах үйл ажиллагаа, боловсрол, тогтвортой хөгжил зэрэг асуудлаар олон улсын түвшинд бид бодит байр суурьтай болсон. Иймээс бидэнд зохион байгуулах боломж чадавхи төдийгүй, тодорхой утга агуулга, үндэслэл байсан. Жижиг улс орнууд дэлхийн улс төрд шинэ агуулга оруулж, итгэлцлийн индэр шинээр байгуулж чадна гэдэгт би итгэдэг, итгэлээ бодит үйлдлээр батлах ёстой байсан.
Тэгэхээр энэ уулзалт ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт Монгол Улсын хүлээсэн үүрэг хариуцлагын тухай асуудал байсан. Энэ үүрэг хариуцлагыг хэрхэн үүрч яваа нь дэвшүүлсэн санаа, байгуулсан итгэлцлийн чанараар хэмжигдэнэ.
-2024 оны Дэлхийн эмэгтэйчүүдийн форумыг Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойтой давхцуулан зохион байгуулсан. Монгол эмэгтэйчүүдийн зуун жил эвлэлдэн нэгдэж өөрсдийн дуу хоолойг олсон энэ уламжлал өнөөдөр таны хийж буй олон улсын харилцааны ажилд хэрхэн тусалсан гэж боддог вэ?
-Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын зуун жилийн ой бол монгол эмэгтэйчүүдийн эх орноо шинэчилэх их үйлсэд оролцож, улсынхаа нэн шинэ түүхийг бүтээлцэж ирсний томоохон гэрчлэл юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бидний олон улсын түвшинд ярьдаг болсон эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, боловсрол, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо зэрэг асуудал Монголын хувьд гаднаас орж ирсэн шинэ ойлголт биш, дотооддоо бат бэх үндэс үндэс суурьтай сэдэв.
Эмэгтэйчүүдийн зохион байгуулалттай, ухамсартай, зорилготой оролцоо нь нийгмийг өөрчилж чаддаг гэдгийг өнөөдөр дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага 100 жилийн түүхтэй, туршлагатай учраас Монгол Улс олон улсын тавцанд эмэгтэйчүүдийн асуудлаар дуу хоолойгоор хүргэх, олон улсын хурал зохион байгуулах ёсзүйн үндэслэлтэй.
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулахдаа бид дэлхийн эмэгтэйчүүдийн ирээдүйг монгол эмэгтэйчүүдийн зуун жилийн туршлагад суурилсан ёс суртахууны үндэслэлтэй өнцгөөс харах боломжийг санал болгосон.
-Монгол Улс 2022 онд "Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх" олон улсын бага хурлыг зохион байгуулж, 30 гаруй улсын эмэгтэй энхийг сахиулагчдыг угтан авсан. 2027 он гэхэд эмэгтэй энхийг сахиулагчдын эзлэх хувийг 15 хувиар нэмэх амлалт өгсөн. Дэлхийн тавцанд монгол эмэгтэйчүүд энх тайван болон аюулгүй байдлын чиглэлд ажиллах нь яагаад чухал юм бэ?
-Дэлхийн энх тайван, аюулгүй байдал гэдэг зөвхөн дайн энхийн асуудал биш, өргөн утгаараа хүний амь амьдрал, нэр төр, итгэлцэл, хөгжил дэвшилтэй холбоотой учраас энхийг сахиулах үйлсэд эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй чухал. Эмэгтэй цэргийн алба хаагчид олон нийтийн итгэлийг хурдан олдог, эмзэг бүлэгтэй илүү нээлттэй харилцдаг, зөрчилдөөнт орчинд хүний аюулгүй байдлын асуудлыг илүү нарийн мэдэрдэг зэргээрээ олон нөхцөлд давуу талтай байдаг.
Дэлхийн тавцан дээр монгол эмэгтэйчүүд энхийг сахиулах үйлсэд үзэгдэхүйц тод харагдаж оролцоно гэдэг энх тайвны төлөөх Монгол Улсын хүчин чармайлтын бодит хэлбэр. Нөгөө талаар монгол охид, эмэгтэйчүүдэд би чадна гэсэн гэсэн итгэл өгдөг үлгэр дуурайл, бодит жишээ.
Эмэгтэй гадаад харилцааны сайдын хувьд энхийг сахиулах үйлсэд монгол эмэгтэйчүүд түлхүү оролцох нь Монгол Улс дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад ямар итгэл үнэмшилтэйгээр хувь нэмрээ оруулж байна вэ гэдгийг харуулсан маш тодорхой илэрхийлэл болдог.
-Та дэлхийн хурцадмал нөхцөл байдлын үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж эхэлсэн. Таван жил энэ нөхцөл байдлын дундуур дипломат харилцаагаа бэхжүүлж авч явуулсны дараа та ямар сургамж авсан бэ?
-Дэлхийн улс төр айхавтар хурдан өөрчлөгдөж байна. Үүнийгээ дагаад дипломат үйл ажиллагаа ч дасан зохицох үйл явц өрнөж байна. Үр дүнтэй дипломат ажиллагаа гүнзгий агуулга, ул суурьтай үндэслэл шаарддаг нь хэвээрээ байгаа.
Өнгөрсөн цаг хугацаа надад стратегийн тэвчээр гэдэг зүйл бидэнд маш чухал юм байна гэдгийг зааж сургасан. Дипломат албаны хувьд нэгэнт байгуулсан итгэлцлийг арчилж хадгалж үлдэх нь хамгийн том зорилт юм байна гэдгийг ойлгосон. Дипломат хүн мэдээж бодит байдлыг үнэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Гэхдээ дэлхий дахинд хүчний тэнцвэр хичнээн өөрчлөгдөж байсан ч өөрийн улсын язгуур эрх ашиг, урт хугацааны чиг баримжааг тууштай баримтлах нь хамгаас чухал.
Өөр нэг зүйл гэвэл жижиг улс орнууд дэлхийн улс төрд тодорхой нөлөөтэй оролцож болох юм байна гэсэн итгэл төрсөн. Ингэхийн тулд улс орны байр суурь маш тодорхой мөртөө хэн ч няцаахын аргагүй бат бэх үндэслэлтэй байх ёстой. Түүхэн үндэслэл, улс төр, эдийн засгийн үндэслэл, олон улсын эрхзүйн үндэслэл нь хэн ч няцаах аргагүй, бат бэх үндэс суурьтай байх юм бол ихэнх сорилтыг боломж болгож хувиргах арга зам олдож магадгүй гэж санагддаг болсон.
-Түүхчид Монголын энэ эрин үеийг эргэн харахдаа таны үүрэг гүйцэтгэсэн хугацааны хувь нэмрийн талаар юу ярьж өгүүлнэ гэж найдаж байна?
-Хожмын түүхчид энэ үеийг Монгол Улс олон улсын маш төвөгтэй, эрсдэлтэй орчинд бие даасан, тэнцвэртэй, олон тулгуурт гадаад бодлогоо нэр төртэй, тууштай авч явсан гэж хэлээсэй гэж хүсдэг.
Бас энэ үед дэлхийн тавцанд Монголын дуу хоолойг илүү идэвхтэй, илүү санаачилгатай, илүү өргөн хүрээнд тод томруун хүргэхийн төлөө ажилласан гэж үнэлээсэй гэж боддог. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс шинэ санаачилга гаргаж, яриа хэлэлцээний шинэ талбар нээж, эмэгтэйчүүдийн манлайлал, энх тайван, олон талт хамтын ажиллагааны асуудалд бодит хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй гэдгээ нотлохыг зорьсон.
Эцэст нь хэлэхэд, хожмын түүхчид намайг эх орныхоо тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, олон улсын нэр хүндийг хамгаалж чадсан гэж дүгнэвэл миний хувьд хамгийн эрхэм дээд үнэлгээ болно. 
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



