Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНСУ-д айлчиллаа. Энэхүү албан айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй албан ёсны уулзалт хийжээ. Талууд цаашид хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд бүлгээр зорчих жуулчны визийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх, эрүүл мэндийн аялал жуулчлалын визийн нөхцөл, шалгуурыг уян хатан болгох, виз олголтын үйл ажиллагааг цахимжуулах, түргэн шуурхай, ил тод болгох чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон байна.
Мөн улирлын чанартай ажиллах хүчний хөдөлгөөнийг зохицуулах, зуучлалын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, ажиллах хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар иргэдийг хууль бус зуучлал, хөдөлмөрийн мөлжлөг, гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д ажиллах үедээ тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэдийн зүгээс эцэг, эхийн хараа хяналт сул оюутан залуус эрсдэлт орох, хууль зөрчих, хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаад анхаарах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах тухай санал хүсэлтээ илэрхийллээ.
Мөн иргэд төрийн цахим үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, суугаа орны байгууллагуудтай хамтран ажиллах, хилийн чанадад оршин суугаа иргэд ипотекийн зээлд хамрагдах, эх орондоо буцан суурьших нөхцөлийг дэмжих, нутагтаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх, цахим болон орон сууцны залилангийн эсрэг дорвитой арга хэмжээ авах, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын чадавх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэтгэл зүй, эрүүл мэнд болон санхүүгийн дарамтад орсон иргэдийг түр байраар хангах санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдийн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхэд анхаарч, холбогдох яам, агентлагуудтай хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



