Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр “Усны өдөр”-өөр үргэлжилж, усны нөөц, гангийн эрсдэл, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хүний амьжиргааны харилцан хамаарлыг онцлон хэлэлцлээ.
"Усны өдөр"-ийн хүрээнд Монгол Улс СОР17-г зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд дэвшүүлж буй 3 санаачилгын хоёр дахь нь болох “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”-ыг зарлаж, нээлтийг хийж, түншлэл, хамтын ажиллагааг бий болгох усны төслүүдээ танилцууллаа.
"Усны өдөр"-ийн хүрээнд болсон Ган тэсвэрлэх чадварын асуудлаарх сайд нарын хоёрдугаар хурлыг нээж хэлсэн үгэндээ Шадар сайд Н.Номтойбаяр, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн гол чиглэл болох “Ус-Газрын уялдааны санаачилга”-ыг эхлүүлж буйг мэдэгдэж, СОР17 хуралд оролцож буй Талуудад хандан "Ус бол эрүүл газар нутаг, хүнсний аюулгүй байдал, тогтвортой орон нутаг, энх тайвныг хооронд нь холбож байдаг. Газрын усыг хадгалах чадварыг нь сэргээцгээе. Газрыг тэтгэж байдаг усаа хамгаалцгаая. Одоо арга хэмжээ авч, хохирол учрахаас өмнө тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд хөрөнгө оруулцгаая" хэмээн уриалав.
Мөн Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг хөтөлбөр нь шар усны үер, зуны хур тунадасны илүүдэл усыг хуримтлуулах усан сан, хиймэл нуур, даланг байгуулж, гол мөрөн, булаг шанд, цөөрмийг сэргээх, говийн бүсийн ундны усыг хамгаалж, цэвэршүүлсэн ус ашиглаж, гүний усны менежментийг сайжруулах юм. Энэ хүрээнд гүний усыг хамгаалж, усан сан, хиймэл нуур, цөөрөм байгуулах уг хөтөлбөрийн хүрээнд гол мөрөн, булаг шандыг сэргээнэ. Аж үйлдвэрлэлийн хэрэгцээнд саарал ус ашиглана. Засгийн газраас өргөн барьсан Стандартын хуулиар усны хэрэглээнд хяналт тавьж, хариуцлагыг нэмэгдүүлнэ хэмээлээ.

2000 оноос хойш дэлхий даяар гангийн давтамж 30 хувиар нэмэгдэж, хүний амьдрал, амьжиргаа, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө тэр хэрээр нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртжээ.
"Монгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.5 хэмээр нэмэгдсэн нь усны нөөц багасах гол шалтгаан болсон" хэмээн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Арвинбуян хэлэв.
Ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гамшгийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, урьдчилан сэргийлэх чадавх, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх, ландшафтын усны хадгалалтыг сайжруулах зайлшгүй шаардлагыг бий болсныг хэлэлцүүлгүүдийн үеэр хөндлөө.
Түүнчлэн “Усны өдөр” нь усны асуудлыг дэлхийн цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний гол холбогч хүчин зүйл болохыг тодотгов.
Усны асуудлыг хүн, эрүүл хөрс, экосистемийн тогтвортой байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвартай уялдуулан авч үзэж байна. Усны хомсдол, ган, газрын доройтлыг тус тусад нь авч үзэх боломжгүй юм. Газрын доройтол нь усны нөөцийн чанар, хүртээмжид нөлөөлж, усны хомсдол нь хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, экосистем, иргэдийн амьжиргаанд шууд дарамт учруулдаг. Иймээс усны менежмент, газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлийн удирдлагыг нэг бодлого, нэг зорилгын хүрээнд уялдуулах шаардлагатайг COP17-гийн “Усны өдөр” тодотгож ярилцлаа.
Гангийн давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим нэмэгдэхийн хэрээр ус, хүнс, экосистем, мал аж ахуй, эдийн засагт үзүүлэх дарамт нэмэгдэж байна. Тиймээс шинжлэх ухаанд суурилсан мониторинг, урьдчилан мэдээлэх систем, тогтвортой ус ба газрын менежмент, санхүүжилт болон олон улсын хамтын ажиллагааг зэрэг хөгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Мөн “Ус-Газар-Хүн” өндөр түвшний хэлэлцүүлэг ч ус, экосистем, газрын менежментийг шинжлэх ухаан, бодлого, практиктай холбохыг зорьсон. Энэ нь усны нөөцийг хамгаалах нь зөвхөн инженерийн байгууламж, ус хангамжийн системээр хязгаарлахгүй, байгаль экосистемийг хамгаалах, газрын доройтлыг багасгах, биологийн олон янз байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэргээр авч үзсэн юм.
Усны өдөрт хот суурин газрын усны хангамж, ариутгах татуурга, сав газрын менежмент, усны алдагдлыг багасгахыг ч мөн хөндлөө. Хот, ус хангамж, сав газрын байгууллага болон хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, усны алдагдлыг багасгах, гангийн бэлэн байдлыг хангах, байгальд суурилсан шийдлийг нэмэх, хөрөнгө оруулалтыг татах боломжийг хэлэлцлээ. Мөн хөдөө аж ахуйн усны менежментийг шинэчилж, усны үр ашигтай хэрэглээ, ганд тэсвэртэй хүнсний тогтолцоог бий болгох нь хэлэлцүүлгийн нэг чухал хэсэг боллоо.
Монгол орны усны асуудал цөлжилт, бэлчээрийн доройтол, ган, зуд, мал аж ахуй, хүнсний аюулгүй байдалтай шууд холбогддог. Иймээс COP17-гийн “Усны өдөр” нь усыг дангаар хамгаалах бус, ус хуримтлуулах, газрын доройтлыг багасгах, бэлчээрийг зохистой ашиглах, экосистемийг нөхөн сэргээх, гангийн эрсдэлийг урьдчилан тооцох бодлогыг нэг цогц болгон хэрэгжүүлэх шаардлагатайг сануулав.
Ийнхүү СОР17 хурлаар усны асуудлыг НҮБ-ын түвшинд хэлэлцүүлсэн нь энэ өдрийн онцлог байв.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



