uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Онцлохууд

2026, 3-р сар 20

Д.Батлут: Гишүүнийг эгүүлэн татах хууль батлагдвал тэр өдрөөсөө хэрэгжих ёстой. Үүнийг буруу тайлбарлаж буй хүмүүс өөрсдөө асуудалтай!

ByambadorjByambadorj


Улс төрчдийн ёс зүйгүй үйлдэл Монгол төрийн нэр хүндийг шороотой хутгасан нь үнэн. Ямар сайндаа л “Төрийн ордонд чинь 76 худалч, хулгайч суудаг” гэж ирээдүй хойч болсон үр хүүхдүүд маань ярьж, ойлгож явна. Энэ нь бүрэн гүйцэд бойжиж амжаагүй сэтгэхүйд стресс, бухимдал болж очиж байгаа нь нууц биш! 

Энэ мэт иргэд олон нийтийн дунд төрийн үнэлэмж, төрд байгаа улс төрчдийн үнэлэмж өдөр ирэх тусам унаж байгаа асуудлыг цэгцлэх, хязгаарлах үүднээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төсөл санаачилж, УИХ-д яаралтай горимоор өргөн барихаар болсноо өнгөрсөн сард зарласан. Улмаар энэ сарын 9-ний өдөр хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Ингэхдээ тусдаа хуулийн төсөл бус УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зарчмаар ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох аж.

Тухайлбал хуулийн төсөлд:

Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна
УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан байна.

УИХ-ын гишүүний тангарагт “ёс зүйн хэм хэмжээг баримталж” гэдэг үг нэмэгдэв

Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний тангаргийг өөрчлөхөөр тусгажээ. Тодруулбал, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Тэгвэл тус тангарагт “ёс зүйн хэм хэмжээг баримталж” гэдэг үг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг  хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Батлут:  "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг дэмжиж байгаа. Монголчууд төрийн сүлд өршөө, төр минь сайн сайхан байх болтугай хэмээн залбирдаг ард түмэн. Тэр утгаараа Монгол Улсын төр сайн сайхан зүйлээр дүүрэн байх ёстой, сайн хүмүүс тэнд ажилладаг байх ёстой гэж хүмүүс үздэг. Сошиалд янз бүрийн үг, үсэг буруу хазгай харилцаа хандлага гаргахаасаа авхуулаад хулгай авлигын хэрэгт орооцолдож байгаа нөхцөл байдал “байхгүй л байх” ёстой. Тэр утгаараа энэ хууль батлагдан гарснаар олон зүйлээс урьдчилан сэргийлэх боломжийг гишүүдэд олгож байгаа. Нэг ёсондоо, УИХ-ын гишүүдийг хамгаалсан хууль гэж харж байна. Яг үнэндээ манайхан янз янзаар мушгиж ойлгоод байна. 

Тухайлбал, парламентын дархлааг алдагдуулна гэх жишээний. Үгүй, харин ч парламентыг илүү тийм дархлаатай байлгах боломжийг бүрдүүлж өгч байгаа. Гишүүдийг элдэв асуудалд орооцолдвол "ийм хариуцлага" байдаг гэдгийг ойлгуулж байгаа. Яг үнэндээ УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ ард нуугдсан байдлаар асуудалд ханддаг, аливаад хаалттай байдаг, аливаа зүйлийг өөрийнхөөрөө шийддэг гэх мэт хэл цөөнгүй байдаг. Энэ бүхэнд цэг тавьсан, Үндсэн хуульд заагдсан тодорхой зохицуулалтуудыг амилуулсан хуулийн төсөл хэмээн харж байна. Ёс зүй гэдэг бол мэдээж харилцаа хандлагаас л эхэлнэ. Сошиалд янз бүрийн буруу хазгай үг хэрэглэх эргээд түүнийгээ нийгэмд цацах. Дээрээс нь хулгай, авлигын хэрэг гээд бүхий л зүйлс ёс зүйтэй холбоотой. Мэдээж УИХ дээр ёс зүйн дүрэм байгаа ч илүү тодорхой болгох зохицуулалтуудыг хуулиар баталгаажуулж өгч байна. Ингэснээр Монгол улсын Их Хурлын дархлааг улам сайжруулж, олон түмэн “Монголын төр маань, их хурал маань” гэж хүндэтгэдэг байх үнэлэмжийг бий болгох боломжтой болно. Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүдийг аливаа эрсдэлд орохоос хамгаалсан хуулийн зохицуулалт юм. Түүнчлэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль батлагдвал тэр өдрөөсөө хэрэгжих ёстой. Үүнийг буруу тайлбарлаж байгаа хүмүүс өөрсдөө асуудалтай байж магадгүй!" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ